Өнөөдөр: 7 сарын 24.     22:12:31
  Улаанбаатар   16ºC

Би хүүхдүүдэд итгэл найдвар, урам зориг өгөхийн төлөө амьдралаа зориулахыг хичээдэг

Бид энэ удаагийнхаа зочны буландаа төгөлдөр хуурын яруу эгшгийг ирээдүй хойч үедээ зааж сурган монголын соёл урлагийн ертөнцөд хувь нэмрээ оруулж яваа чадварлаг, залуухан гал цогтой эмэгтэйг урин оролцууллаа. Мөнх Аялгуу төгөлдөр хуурын сургалтын төв нь өдгөө олон хүүхэд багачуудыг урлагийн ертөнцөөр аялуулж тэдний хүсэл мөрөөдлийн түлхүүр болсон газар юм. Өнгөлөг тансаг цэцэгсийг санагдуулам өрөө тасалгаанд байрлах төгөлдөр хууран дээр багш шавь нартаа сонгодог урлагийн сайхныг мэдрүүлсээр сууна. Ингээд багш төгөлдөр хуурч Мөнхтуяагийн ярилцлагыг хүлээн авна уу.

Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?

Намайг Эрдэнэбат овогтой Мөнхтуяа гэдэг төгөлдөр хуурч ,  Мөнх-Аялгуу төгөлдөр хуурын сургалтын төвийн багш.

Та хэзээнээс урлагийн зам руу орсон бэ?

Манай ээж ДБЭТ -т ажилладаг байсан болохоор би бүр багаасаа дуурь балет тасралтгүй үзээд л дотор нь гүйгээд явдаг байсан. Тийм болохоор багаасаа урлагт дуртай байсан гэж хэлж болох юм. Миний үндсэн мэргэжил бол өөр. Би MIU сургуулийг төгссөн. Хүний мөн чанар цаана нь байгаа дур сонирхолдоо хүн өөрийн эрхгүй татагдаад байдаг юм билээ.Хэдийгээр мэргэжлийн биш ч гэсэн би багаасаа төгөлдөр хуур тоглодог байсан. Энийгээ хаялгүй хөгжүүлсээр л байсан.

Та яг хэзээнээс мэргэжлийн төгөлдөр хуурч болохоор шийдсэн бэ?

 Би өөр мэргэжил эзэмшиж сургуулиа онц төгссөн ч гэлээ цаанаа  төгөлдөр хуурийг илүү мэдэх юмсан гэсэн сэтгэл бодол үргэлж байдаг байлаа. Тэгээд  2007 онд  шалгалт өгч тэнцээд СУИС-ын дуу хөгжмийн багш гэсэн ангид шалгалтаа өгөөд тэнцэж орсондоо. Тэгээд 5н жил сураад төгссөн.

Та төгссөнөөсөө хойш багшлаад одоогийн байдлаар хэдэн шавьтай вэ?

Би суралцаж байх хугацаандаа ч бас багшилдаг байсан .  Тэгээд яг мэргэжлээрээ төгсөөд албан ёсоор багш болсноосоо хойш одоог хүртэл 300-аад шавьтай болсон байна.

 Таны хувьд олон улсын тэмцээн уралдаанд хэр оролцож байв?

Би багш болоод  тэгээд хүүхдүүддээ заагаад тэд нарыгаа олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцуулж байна. Үүнийхээ хажуугаар өөрөө ч бас олон улсын тэмцээнд оролцсоор ирсэн. Оролцсон тэмцээн уралдаан гэвэл олон бий.

Таны хувийн амжилтууд ?

Хувийн амжилтуудаас гэвэл би Испанид болж байсан нэг тэмцээнд  амжилттай оролцож байсан юм. Тэгээд тухайн тэмцээнээс хойш би хүүхдүүдээ тийм хэмжээний бэлдэх юм бол тиймэрхүү хэмжээний амжилт гаргах боломжтой юм байна гэдгийг олж харсан. Тэгээд нас насны сурагч хүүхдүүдээ зааж ажиглаж  тэдэнтэй ойролцоогоор 2 жил хичээллэсний дараагаар олон улсын тэмцээнүүдэд оролцуулах болсон. Хүүхдүүд маань хамгийн анх хүрэл медал авч байсан эхлээд мөнгө тэгээд 2 3 4н ч алтан медал  авсан. Манай хүүхдүүд европ гэлтгүй Америкт болсон олон улсын тэмцээнд 3н жил дараалан амжилттай оролцож алтан медал авсан. Нью Йоркийн Карнеги Халл –д тэмцээн нь болдог.

Хүүхдүүд олон улсын тэмцээнд оролцохын чухал ач холбогдол юу вэ?

 Хүүхдүүд яагаад энэ тэмцээн уралдаанд бэлдээд оролцоод байна вэ? Гэхээр хамгийн түрүүнд хүүхдүүд маань зорилготой болж байна. Би хүүхдүүддээ хэлдэг хэрвээ чи энэ тэмцээнд бэлдээд оролцоод тийм амжилт гаргавал тэгнэ гээд хэлэхээр хүүхдүүд аягүй хөөрхөн урамшаад сурах сонирхол нь илүү нэмэгддэг. Тэгээд урьд нь оролцож байсан хүүхдүүдийг хараад зорилготой болчихдог байхгүй юу?

Таны бодлоор багшилахад хамгийн чухал зүйл юу вэ?

 Багш болоход ур чадвар сэтгэл байх хэрэгтэй үүнээс гадна бас нэг чухал зүйл бол туршлага гэж би боддог, Би одоо хүүхдүүддээ хичээл зааж байхдаа өөрөө ч гэсэн хөгжөөд л явж байгаа. Одоо  миний хувьд хүүхдүүддээ итгэл найдвар өгөх нь чухал байгаа. Би хүүхдүүддээ чи заавал урт удаан хугацаанд тэдэн жил сураад тийм хэмжээнд очно гэлгүй чамд боломж байгаа илүү хичээгээд бай гээд урам өгөхийг ч хичээдэг.Хүн заавал мэргэжлийн сургуульд сурна гэлтгүй дугуйлан маягаар сурж байгаад өндөр түвшинд очих боломж бий.

Тань дээр зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулж ирж байгаа байх  харин зарим хүүхдүүд нь өөрсдөө сонирхоод ирж байгаа хичээлд хамрагдсан хүүхдүүдийн хичээллэхээс  өмнөх ба дараах ялгаа нь юу вэ?

Хүүхдүүд хичээлд явснаар хамгийн эхэнд сууж сурдаг анхаарлаа төвлөрүүл сурдаг. Тэгээд хөгжим өөрөө хүний баруун зүүн тархийг зэрэг хөгжүүлж байдаг болохоор төгөлдөр хуур сурч байгаа хүүхдүүд бусад хичээлдээ ч гэсэн илүү сайн болоод эхэлдэг. Эцэг эхчүүд надад хэлдэг манай хүүхэд бусад хичээлдээ сайжирч байнаа тэгээд өмнөхөө бодвол өөртөө итгэлтэй илүү нээлттэй болж байна гэж талархаж хэлдэг.

Та энэ хөгжмийг тоглож байхдаа яг ямар мэдрэмж авдаг вэ?

 Төгөлдөр хуур гэдэг энэ хөгжим маань Чанга –Сул гэсэн ийм хоёр үгний нийлэмж хүн харахад тоглоход хялбар юм шиг мөртлөө цаанаа хүний мэдрэмжийг дээд цэгт нь хүргэдэг ийм зэмсэг. Жишээ нь маш намуухан зөөлөн аяыг яаж тоглох уу? Эсвэл маш хүчтэй чанга аяыг яаж мэдэрч тоглох уу? Гэдэг нь зөвхөн тоглогчоос шалтгаалдаг болохоор тэр аяыг тоглож байхдаа сэтгэлийн янз бүрийн мэдрэмжийг авдагдаа. Зохиол болгон чинь өөр өөр зохиомжтой утга санаатай учраас үргэлж л өөр мэдрэмж авдаг . Хөгжимчин хүн нэг зохиолыг хэдэн ч янзаар тоглож болдог. Аз жаргалтай байх үедээ нэг өөр гунигтай байгаа үедээ нэг өөр гээд л янз бүр.

Танд  хөгжмөөс өөр сонирхол бий юу?

Би нийгэмдээ гэрэл гэгээтэй эерэг үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг. Хобби гэвэл төгөлдөр хуураас гадна интерьер дизайн бас сонирхдог.

Насанд хүрэгчид таниар хичээл заалгадаг уу?

 Надад нас насны шавь нар байгаа бүр тэтгэвэртээ гарсан хүн ч төгөлдөр хуур тоглож сурья гээд над дээр ирдэг. Би ийм ая тоглож сурах гэсэн юм эсвэл би тодорхой хэмжээний нот ны мэдлэгтэй болоод ая тоглох хэмжээний болмоор байна гээд л . Би тэр хүмүүстэй онолын хичээлийг нь нотыг нь болж өгвөл хурдан хугацаанд зааж ойлгуулаад тэгээд зохиолууд  дээр ажиллахыг илүүд үздэг.

 Насанд хүрсэн хүмүүсийн хувьд тодорхой хэмжээний нотны мэдлэгтэй болоод  хэд хэдэн ая тоглож сурахад хэдий хугацаа ордог вэ?

Гэртээ хөгжимтэй тэгээд өөртөө цаг зав гаргах боломж ихтэй хүмүүсийн хувьд эхний 3н сард анхан шатаа нилээн гайгүй сурчих боломжтой.

Хүүхдүүдийн хувьд ?

Хүүхдүүдийн хувьд ч нас насны онцлог эсвэл тухайн хүүхдийнхээ онцлогоос шалтгаалаад сурах хугацаа нь өөр өөр байдаг.  Төгөлдөр хуур сурна гэдэг маань хүүхэд яг 1-р ангид орж байгаатай адил. Тийм болохоор хүүхдүүд ч бас эцэг эхчүүд ч тодорхой хугацааны дараа шантрах гээд болих гээд байдаг. Тодорхой хэмжээнд цаг хугацаа хэрэгтэй. Тиймээс би жоохон тэвчээртэй хүлээцтэй байж байгаад үр дүнг нь үзээрэй гэж хэлдэг. Бидэнд хамгийн гол нь үр дүн чухал шүү дээ.

Таны хувьд шавь нараасаа сонсож байсан хамгийн гоё үгнүүд юу вэ?

Олон улсын тэмцээн уралдаанд орсны дараа ч юмуу эсвэл төгөлдөр хуураа илүү сайн сураад урамшсан хүүхдүүд мааань багшдаа баярлалаа гэж зөндөө л урмын үг хэлдэг л дээ . Гэхдээ энэнээс илүү би хүүхдүүдэд итгэл найдвар урам зориг өгөхийн төлөө амьдралаа зориулахыг хичээдэг. Энийг маань хүүхдүүд маань ойлгох нь хамгийн чухал нь бас би өөрөө илүү хичээх нь чухал . Жишээ нь би нэг аяыг нэг сар заадаг байсан бол одоо тэр аяыг яаж хурданаар ойлгомжтойгоор 7 хоногт зааж сургах вэ? Гээд л судлаад туршлагажаад л явж байна даа.

Таны хувьд олон улсын тэмцээнд амжилт үзүүлэхэд хамгийн чухал нь юу гэж боддог вэ?

 Миний хувьд сэтгэлзүйн бэлтгэл их чухал гэж боддог би энийг сайн хийж чадна гэж өөрийгөө зоригжуулах бас хамгийн чухал нь тэмцээний өмнөх бэлтгэл юмдаа. Өөрийгөө ялан дийлж зоригжуулж тайзан дээр гардаг. Тэмцээн уралдаан бүр хүнд ямар нэгэн зүйлийг сургадаг.

Таны мөрөөдлийн ая юу вэ?

 Хамгийн том хэмжээний зохиол буюу сонат байна. Ганцаараа гоцлолоороо 40-50 минут үргэлжилсэн  3н хэсэг  том зохиол байдаг. Түүнээс гадна төгөлдөр хуурын гоцлол тоглолтууд байдаг. Тэр зохиолуудыг гаргах оросын хөгжмийн зохиолч Рахманиновын төгөлдөр хуурын зохиолыг хэзээ нэгэн цагт тоглоноо л гэж боддог. Гэхдээ багшилж байгаа үед хажуугаар нь тоглогчийнхоо хувьд тоглолтын бэлтгэл хийнэ гэдэг бол маш их цаг хугацаа шаардсан зүйл байдаг.

Та мэргэжлийнхээ хувьд багшилхаас гадна өөр зүйл хийж байгаа юу?

 Би саяхнаас сонгодог хөгжим тоглодог, мэргэжлээрээ төгсөөд ажиллаж байгаа мөн ажиллах хүсэлтэй ч нөхцөл боломж нь бүрдэхгүй байгаа ийм залуучууддаа зориулж сонгодог хөгжмийн холбоо гэж байгуулсан. Үүгээрээ  сонгодог урлагийг сонгон үүгээр амьдралаа залгуулж хөдөлмөрлөж байгаа залуучууддаа урам зориг өгөх мөн ажиллаж уран бүтээлээ туурвих боломж нөхцөлийг нь сайжруулахын тулд ажлууд хийхээр төлөвлөөд байгаа.

 Гэр бүлээ танилцуулахгүй юу?

Манай өвөө  Хөдөлмөрийн баатар Намхайнямбуу овогтой Намжиг гэж хүн бий. Өвөө маань их хөдөлмөрч мундаг хүн. Эмээ маань ч бас ялгаагүй их хөдөлмөрч нямбай хариуцлагатай юмхнаар юм хийчихдэг тийм хүн. Харин ээжийн маань хувьд өөрөө урлагийн өгөгдөлтэй хүн л дээ. Хэдийгээр санхүүгийн мэргэжилтэй ч гэсэн төгөлдөр хуурийг мэргэжлийн түвшинд тоглодог тийм авъяаслаг хүн. Ээж маань урлагт хайртай болохоор насаараа монголын урлагийн байгууллагуудад ажиллаж байсан. Энэ нь бас намайг урлагийн хүн болоход их нөлөөлсөн гэж боддог.

Та хэдэн хүүхэдтэй вэ? Хүүхдүүд нь төгөлдөр хуур тоголдог уу?

 Би нэг хүүтэй хүү маань төгөлдөр хуур тоголдог. Гэхдээ би хүүтэйгээ яг тулж ажиллаад зааж өгөөд байгаа юм байхгүй ээ. Өөр сайн багшаар заалгаж байгаа. Хэрвээ хүү маань өөрөө хүсвэл цаашаа сураад урлагийн хүн болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ хүү маань  урлагийн мэдрэмжтэй авъяастай аливаа зүйлийг амархан сурдаг.

Сайн багш гэж ямар багшийг хэлэх вэ?

 Хүүхдийн хүсэл мөрөөдлийг асааж өгч мөрөөдөл зорилгийг нь ойлгуулж чадсан хүн л минийхээр хамгийн сайн багшдаа.

Эцэг эхчүүдэд та юу гэж зөвлөмөөр байна вэ?

 Сайн судлах хэрэгтэй үнэхээр миний хүүхдэд хөгжим хэрэгтэй юу? Хөгжмөөр хичээллэсэн хүүхдүүдийг ажиглах хэрэгтэй. Тэгээд тухайн дугуйлангийн багштайгаа маш ойр байж сайн ойлголцох хэрэгтэй. Эцэг эхчүүд эхлээд өөрсдөө сайн мэдээлэлтэй болсон байх шаардлагатай л даа. Тууштай байх хэрэгтэй. Замын дундаас няцаж болохгүй. Тухайн хүүхэд нь ямар ч хүн болохыг үгүйсгэхгүй. Хөгжим сурахын үр дүн нь нүдэн дээр ил байдаг.

Таны хамгийн ойрын төлөвлөгөө?

 Холбооныхоо хүрээнд олон  улсын тэмцээнийг монголдоо зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаад бас оросоос 2 багш авчираад бэлдэж эхэлж байсан юм. Харамсалтай нь цар тахал гараад энэ ажил маань хойшлогдсон. Тиймээс ирэх жил энэ ажлаа гүйцээж хийнэ дээ. Олон улсын тэмцээнийг монголдоо зохион байгуулахад олон улсын чадвартай шүүгчид ирнэ. Тэд нараас бид суралцах нь чухал.

Ярилцлагын төгсгөлд та  уншигчиддаа та юу хэлэхийг хүсч байна вэ?

Сүүлийн үед манай монголын нийгмийн байдал сэтгэл эмзэглүүлж байна. Энэ нийгэмд хүн байна гэдэг нь их чухал байна. Урлаг гэдэг зүйлээр өөрийн чадах зүйлээрээ энэ нийгэмд гэрэл гэгээг бий болгохыг зорьж явна. Төгөлдөр хуур гэдэг хаан хөгжмөөр дамжуулж ирээдүйг гэрэлтүүлж сайн сайн зүйлийг дэлгэрүүлэхийн төлөө хичээж явна даа. Тиймээс хүүхдүүдээ урлагаар хүмүүжүүлээрэй гэж хэлмээр байна.

 Ярилцсан М.Алтаншагай 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сүрьеэ1 сар 18. 12:29
Түүхт галт тэрэг2020, 8 сар 21. 13:47
ХЕПАТИТИЙН С ВИРУС2020, 8 сар 6. 15:18
Орчны эрүүл мэнд2020, 8 сар 6. 12:48
Эрүүл мэнд2020, 8 сар 5. 13:47
Эрүүл энхийн төлөө2020, 8 сар 5. 13:36
© 2016-2021 он. judag.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402